Counter-Strike-ийн тэмцээнийг хэрхэн зохион байгуулдаг вэ? (2-р хэсэг)

Энэхүү нийтлэлийн эхний хэсэг дээр Valve компаниас зохион байгуулдаг мажор тэмцээний талаар, тэрийг нь ямар ямар организациуд зохион байгуулж байсан тухай дэлгэрэнгүй хүргэж байсан бол энэ удаад Valve-н мажороос бусад тэмцээнүүдийг танилцуулж тэдгээрийг зэргээр нь эрэмбэлэх болно.

Ерөнхийдөө ковидын дараагаар олон тэмцээн зохион байгуулагчдаас 2 нь л үлдсэн гэж хэлж болохоор бөгөөд нэг нь ESL бол нөгөөх нь BLAST юм. Үүнээс эхлээд ESL-ийн тэмцээнүүдийн талаар танилцуулъя.

ESL, BLAST аль аль нь багуудтай гэрээ хийх байдлаар ажилладаг бөгөөд гэрээт багуудаа өөрсдийн тэмцээндээ заавал оролцуулдаг системтэй. Гэхдээ ESL-ийн хувьд тэмцээнээсээ хамаараад гэрээт багаас цөөн тоогоор оруулдаг бол BLAST-н хувьд дийлэнх багаа гэрээт багуудаасаа урьж, харин нээлттэй шалгаруулалтаас шинэ баг оролцох боломжийг хумьсан стратеги ашигладаг болно.

ESL-ийн хувьд тэмцээнүүдээ дотроо Championship, Masters, Challengers гэж 3 зэрэглэлд хуваан багуудаа сонгож оролцуулдаг юм. Тэд энэхүү системээ бүхэлд нь ESL Pro Tour гэж нэрлэдэг бөгөөд үүнээс хамгийн том нь Championship зэрэглэлийн IEM Katowice, IEM Cologne хоёр тэмцээн юм. Уг хоёр тэмцээнд оролцох багуудыг нь Masters тэмцээний аваргууд болоод ESL World Ranking дээр чансаагаар тэргүүлж буйгаар нь урьж оролцуулдаг болно. IEM Katowice, IEM Cologne тэмцээнүүд нь мажорын дараа орохоор хэмжээний нэр хүндтэй бөгөөд 10 гаран жилийн турш зохион байгуулагдаж байгаа юм.

Харин үүний дараах зэрэглэл болох Masters түвшний тэмцээнүүдэд IEM-ийн зарим нэг тэмцээн болон ESL Pro League тэмцээн багтана. 2024 оны хувьд IEM Chengdu 2024, IEM Dallas 2024, IEM Rio 2024, ESL Pro League S19, S20 гэх таван тэмцээн нь уг Masters зэрэглэлийн тэмцээн юм. Masters түвшний тэмцээнүүд нь ESL World Ranking-ийн чансаагаар багуудаа урихаас гадна бүс бүсийн шалгаруулалтаас багууд оролцох боломжтой.

Гэхдээ тэмцээн болох бүсээс хамаарч зарим бүсэд слот байхгүй байх үе бий. Жишээ нь IEM Chengdu, IEM Rio тэмцээнүүдэд Азийн бүсээс оролцох боломжтой бол IEM Dallas дээр Азиас баг оролцох слот байхгүй гэх мэт.

Ингээд ESL Pro Tour-ийн хамгийн доод түвшин болох Challenger түвшин нь дотроо 2 төрлийн тэмцээнтэй бөгөөд эхнийх нь ESL Challenger бол удаах нь ESL Challenger League юм. Ялгаатай талууд нь гэвэл ESL Challenger нь 8 баг оролцоно, 3 хоногт LAN-гаар зохион байгуулагддаг бол нөгөөх нь лигийн формат буюу 16-с дээш тооны баг оролцож бүтэн 3 4 сар онлайнаар тоглолтууд хийдэг юм. Уг ESL Challenger болон ESL Challenger League тэмцээнүүдэд түрүүлбэл мөнгөн шагнал авахаас гадна дээд түвшний тэмцээн болох ESL Pro League тэмцээнд оролцох эрхийг авдаг юм.

Харин тэмцээн зохион байгуулагч BLAST-н хувьд хавар намрын улиралд Spring Groups, Fall Groups гэх группийн формат бүхий тэмцээнд багуудыг оролцуулан талыг нь дараагийн түвшний тэмцээн Spring Final, Fall Final-д оролцуулдаг бол үлдсэн багууд нь дахин нэг боломжийн төлөө Spring Showdown, Fall Showdown гэх тэмцээнд өрсөлддөг болно.

Өмнө нь дурдсанчлан BLASТ-ийн хувьд гэрээт багуудаасаа зөвхөн Spring Groups, Fall Groups тэмцээндээ оролцуулдаг бол бүсийн шалгаруулалтаас багууд зөвхөн Spring Showdown, Fall Showdown-д оролцох боломжтой байдгаараа арай илүү сонирхолгүй тэмцээн гэж хэлж болохоор юм. Ингээд Spring Finals, Fall Finals зэрэг тэмцээнүүдээс шалгарсан багууд нь BLAST World Final гэх үндсэн ганц том тэмцээнд нь оролцдог форматтай юм.

Гэхдээ Valve-ийн зүгээр багуудыг тэмцээн зохион байгуулагчидтай гэрээ байгуулахыг нь хориглосон бөгөөд ирэх 2025 оноос ESL, BLAST-ийн зүгээс тэмцээний форматаа өөрчлөхөөс өөр аргагүй байдалд ороод байгаа юм.