ESL, HLTV, Valve чансааны жагсаалтын ялгаа

Яг одоогоор CS2 багуудыг 3 өөр чансааны жагсаалтад жагсааж харуулж байгаа бөгөөд үзэгчдийн хувьд тэр болгон энэ 3 чансааны жагсаалтыг ялгааг ойлгож мэддэггүй болохоор дэлгэрэнгүйгээр тайлбарлан хүргэж байна.

Үүнээс хамгийн удаж байгаа буюу анхных нь HLTV сайтаас эрхлэн гаргадаг HLTV Ranking юм. Уг чансааны жагсаалт нь 2015 оноос эхлэлтэй бөгөөд 7 хоног тутам шинэчлэгдэн гардаг юм. Хэдий уг сайтын чансааны үнэлгээг багууд ихэвчлэн ашигладаг ч уг чансаагаар багуудыг урьдаг томоохон тэмцээн зохион байгуулагч байхгүй юм. Харин ESL, BLAST-с зохион байгуулдаг тэмцээнүүдээс бусад жижиг тэмцээн зохион байгуулагчид үе үе ашиглах нь бий.

Тэдний багуудын оноог тооцож жагсаадаг аргачлал нь хэдий нууц байдаг ч хэдэн зүйлс нь бас нээлттэй байдаг юм. Тэд чансааг тогтоохдоо ямар тэмцээнд хэддүгээр байр эзэлснийг нь харгалзан үзэхээс гадна ямар багуудтай тоглосноороо нь head-to-head үр дүнг харгалзан үздэг байна. Тэдний чансааны жагсаалтын хамгийн өндөр оноотой баг нь хамгийн ихдээ 1000 хүртэлх оноо авах боломжтой бөгөөд хэрэв 1000-с давсан оноо авч байгаа тохиолдолд бүх багуудын оноог хувьчилж бууруулан эхний багийг 1000 оноон дээр барьдаг байна.

Уг чансааны жагсалтад Азийн бүсээс TYLOO баг 2018 онд #10-р байранд орж байсан нь одоог хүртэл эвдэгдээгүй рекорд хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт The MongolZ баг YaLLa Compass 2024 тэмцээнд аварга болсны дараагаар #11-р байранд ороод байгаа нь одоогоор хамгийн ойртож очоод байгаа явдал юм.

The MongolZ багийн хувьд #10-т байгаа багаас ердөө 3-хан оноогоор дутуу байсан юм. Хэрэв The MongolZ баг энэ 7 хоногт оролцсон ESL Challenger: Jonkoping тэмцээнд түрүүлсэн бол хангалттай топ 10 баг дотор орж ирэх боломжтой байсан боловч хэсгийн шатнаасаа мултарсан бол эсэргээрээ #10-т жагсаж байсан Complexity баг нь гранд финал хүртэл явсан болохоор оноогоо нэмэгдүүлж #10, #11 байруудын хоорондын зайг улам холдуулаад авлаа.

Хамгийн сүүлийн байдлаар буюу 2024 оны 6-р сарын 10ны чансаагаар топ 10 багууд доорх байдалтай байна.

Үүний дараагаар танилцуулах чансааны жагсаалт нь ESL World Ranking юм. Уг чансааны жагсаалт нь мөн л адил 7 хоног болгон шинэчлэгддэг бөгөөд давуу нь яаж чансаагаа гаргадаг аргачлал нь ил тод байдгаараа онцлог юм.

Тэмцээн зохион байгуулагч ESL -н зүгээс өөрсдийнхөө уг чансааны жагсаалтыг ашиглан тэмцээндээ багуудаа урьдаг болохоор нөгөө хэрэглээ хамаагүй өндөртэй гэж хэлж болох юм.

Чансаагаа гаргах аргачлалын хувьд аливаа нэгэн тэмцээн зохион байгуулагдах үед ямар ямар чансаатай багууд оролцож байгаа гэдгээс нь хамаарч тэмцээний чанарыг AAA, AA, A, B, C, D гэх мэтээр ангилахаас гадна оролцож буй багийн тооноос хамааран XXXL, XXL, XL, L, M, S гэж тооцдог юм. Үүнээс гадна аль бүсийн багууд оролцож байгаа, тэмцээн нь онлайн эсвэл LAN-гаар тоглолтууд нь болсон эсэхээс хамаарч оноог тооцон үүгээрээ хэддүгээр байрын баг хэдэн оноо авахыг тодорхойлдог юм.

Уг чансааны жагсаалтын нэг тиймхэн зүйл нь Азийн бүсийн багуудын тэмцээнийг нийт онооны 5% гэж тооцдог бол далайн бүсийн орнуудыг 8%, Өмнөд Америк 14%, Хойд Америк 20%, Европ 53% гэж ялгаатайгаар тооцдог юм. Тиймээс Европийн бүсийн багууд үргэлж оноотой, Европод зохиогдох Tier2 түвшний тэмцээнүүд нь хүртэл Азийн бүсийн Tier1 тэмцээнээс илүү оноо өгдөг сул талтай юм.

Гэсэн хэдий ч The MongolZ багийн хувьд PGL Copenhagen Major 2024, ESL Pro League S19, MESA Nomadic Masters 2024, YaLLa Compass 2024 зэрэг тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтуудаараа уг чансааны жагсаалтын #12-т ороод байна. Ингэснээрээ тэд томоохон тэмцээнүүдэд шууд уригдах боломжтой болж байгаагаас гадна тухайн тэмцээндээ багуудыг сийд хийж учраа оноолтыг бодоход өөрсдөөсөө сул багтай таарах боломж нь ихсэж байгаа юм.

Харин хамгийн сүүлд танилцуулах жагсаалт нь өнгөрсөн оноос гарч ирсэн Valve Regional Standings юм. Уг чансааны жагсаалт нь одоогоор хэрэглээ хамгийн багатай байгаа боловч хамгийн чухал тэмцээн болох мажорын RMR болон хаалттай шалгаруулалтад багуудыг урихад ашиглах чансааны жагсаалт юм.

Мөн Valve-с гаргасан мэдэгдлийн дагуу 2025 оноос зөвхөн уг чансааны жагсаалтыг баримталж бүх тэмцээн зохион байгуулагчид багуудыг урих ёстой болох юм. Тэгэхээр түрүүний танилцуулсан ESL World Ranking ирэх оноос байхгүй болно гэсэн үг юм.

Valve Regional Standings-ийн хувьд одоогоор хэд хэдэн дутагдалтай талуудтай байгаа бөгөөд тэрний нэг нь бүх датагаа HLTV сайтаас авдаг болохоор Азийн тэмцээнүүд, тоглолтуудын мэдээлэл бага, дутуу, тэрнээсээ болж Азийн багуудад өгдөг оноонууд нь харьцангуй бага байдаг. Мөн тэд оноогоо тооцох аргачлалдаа тухайн баг нь хэдий хэмжээний мөнгө шагналын сангаас нь авсан нь хамгийн өндөр инпакттай байдгаар тооцож өгсөн нь нөгөө талаасаа томоохон сул тал юм. Гэхдээ үүнээс гадна мэдээж багуудын head-to-head тоглолтуудын үр дүнг тооцож байгаа юм.

The MongolZ багийн хувьд MESA Nomadic Masters 2024 тэмцээнд түрүүлж $50,000 авсан болон YaLLa Compass 2024 тэмцээнд түрүүлж $200,000 авсан нь өндрөөр нөлөөлсөн бөгөөд өнгөрсөн 7 хоногт гаргасан жагсаалтаар тэд #6-д нэрлэгдээд байна.