ESL Pro League Season 19 тэмцээн дэх The MongolZ багийн аялал

Өнгөрсөн оны сүүлээр болсон ESL Challenger League Season 46 тэмцээнд The MongolZ баг шигшээ шатны эхний тоглолтдоо хожигдсон ч доод хүснэгтээс тоглож явсаар гранд финалд TYLOO багийн эсрэг тоглож түрүүлсэн билээ. Ингэж уг тэмцээний эхний хоёр байранд орсон The MongolZ, TYLOO багууд ESL Pro League S19 тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

ESL Pro League тэмцээний хувьд нийт 32 баг Малта арал дээр 4 хэсэгт хуваагдаж тоглодог бөгөөд The MongolZ багийн bLitz, Techno хоёрын хувьд өмнө нь IHC Esports багаас Season 17-д нь оролцож байсан ч хэсгийн шатандаа EG багийг хожсон ганцхан хожилтойгоор өндөрлөж байсан юм.

Тэд энэ удаа B хэсэгт хуваарилагдсан орсон бөгөөд тэдний зоонд орсон чанга өрсөлдөгчид нь Team Vitality, G2 Esports, Team Falcons багууд байсан бол харин сул багууд нь TYLOO, Sharks Esports, M80 багууд байсан юм. The MongolZ багийн эхний учраа нь Team Falcons буюу ENCE багийн хуучин 3 бүрэлдэхүүн дээр нэмэгдсэн dupreeh, Magisk нарын баг байлаа.

Team Falcons багийн хувьд ENCE багийн оноог үргэлжлүүлэн ашиглаж байгаа болохоор чансаагаар дээр жагсаж байгаа ч яг оролцсон тэмцээнүүддээ хангалттай өндөр үр дүн гаргаж чадахгүй байсан болохоор The MongolZ багийн хувьд уг эхний учраандаа хожих магадлал өндөр гэж Монголзын фэнүүд таамаглаж байсан юм. Гэсэн хэдий ч тоглолтод тавьсан бетийн харьцаанаас харахад Team Falcons хожино гэж олон улсын үзэгч фэнүүд тооцоолж байсан юм.

Тэд Mirage, Nuke, Ancient гэх гурван мап дээр тоглосон бөгөөд эхний мап дээр The MongolZ баг 13-3 тооны харьцаатайгаар элт илүүрхэж хожсон боловч дараагийн мап болох Nuke дээр тоглогчид хувийн алдаанууд гаргаснаар Team Falcons баг 13-9 тооны харьцаатайгаар хожиж тооны харьцааг 1-1 болгосон юм. Ингээд эцсийн мап болох Ancient дээр 2 багийн тоглолт нэлээн тэнцүүхэн өрнөж эцэст нь The MongolZ баг 13-11-р хожиж дараагийн үе рүү дэвшсэн юм.

The MongolZ багийн дараагийн учраа нь дэлхийд #5-д эрэмбэлэгдэж буй G2 Esports баг байсан юм. Уг хоёр багийн аль хожсон нь шигшээ шат руугаа орох эрхийг авах маш чухал байсан бөгөөд Ancient, Anubis, Inferno гэсэн гурван мап тоглохоор сонгосон ч The MongolZ багийн хувьд маш хөнгөхөнөөр Ancient дээр 13-4, Anubis дээр 13-7 тооны харьцаатайгаар буюу 2-0-оор буулган авсан юм.

Ингээд The MongolZ баг шигшээ шатанд тоглох эрхээ авсан бөгөөд энэ нь тэдний хувьд S-Tier түвшний тэмцээний шигшээ шатанд тоглохоор болсон анхны тохиолдол байсан юм. Үүнээс өмнө тэд ESL Challenger: Atlanta тэмцээний хагас шигшээд тоглож байсан ч тэрхүү тэмцээн нь A-Tier түвшний тэмцээн байсан юм.

Гэхдээ тэдний хэсгийн шатны тоглолтууд ингээд шууд дуусаагүй бөгөөд тэд дээд хэсгээс гарч ирсэн Team Vitality багийн эсрэг хэн нь хэсгээсээ илүү өндөр сийдээр гарахаа шийдэх тоглолт хийх болсон юм. Тэд Mirage, Nuke, Overpass сонгосон ч The MongolZ баг 0-2 тооны харьцаатайгаар хожигдон хэсгээсээ 2-р баг болж гарахаар болсон бол Team Vitality 1-р гарсан юм.

Хэсгээсээ ингэж гарахын ялгаа нь Team Vitality багийн хувьд шууд шөвгийн 8-д багт шалгарч байгаа бол The MongolZ багийн хувьд шөвгийн 8 руугаа ороход нэг тоглолт дутуу байх Round of 12 хэсэг рүү орж байгаа юм.

Тэмцээний өмнөх улирлуудад хэсэг тус бүрийн тоглолт 7 хоногийн турш тус тусдаа үргэлжилдэг байсан бол энэ удаагийн улирлаас эхлэн A, B хэсгийн тоглолтууд нэгэн зэрэг, түүний дараагаар C, D хэсгийн тоглолтууд нэгэн зэрэг явагдахаар тохируулж тэмцээнийг нийтдээ 3 долоо хоногт бүрэн дуусгахаар болгосон юм.

A, B хэсгийн тоглолтууд дууссаны дараагаар тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тоглогчдыг нутаг руу нь түр буцаасан бөгөөд энэ нь дараагийн C, D хэсгийн багуудын тоглогчдыг байрлуулах буудлын хүрэлцээ муутайгаас болсон уу эсвэл онгоцоор явуулах нь буудалд 7 хоног байлгахаас хямд туссан уу, ямартай ч The MongolZ багийнхан шигшээ шатны эрхээ авсны дараагаар нутагтаа буцаж ирсэн юм.

Тэд нутагтаа 5-6 хоногийн хэсэг амарсны дараагаар буцаад Малта руу ниссэн бөгөөд хэсгээс 3 болон 4-р гарсан Round of 16 шатны багуудыг бодоход нэг өдрийн тоглолт хийхгүй амрах боломжтой байсан нь давуу талтай байлаа.

Бүх хэсгийн тоглолтууд дууссаны дараагаар шигшээ шатны багуудын оноолт гарсан бөгөөд The MongolZ багийн хувьд А хэсгээс 4-р гарсан Virtus.Pro болон C хэсгээс 3-р гарсан GamerLegion багуудын аль хожсонтой нь тоглохоор таараад байв.

Ингээд шигшээ шатны эхний өдрийн тоглолтууд болж Virtus.Pro баг GamerLegion багийг хожсоноор The MongolZ багтай тоглохоор болсон юм. The MongolZ vs. Virtus.Pro багуудын тоглолтод Overpass, Mirage, Ancient гэсэн мап вето гарсан бөгөөд Overpass бол Virtus.Pro багийнхан хамгийн тоглодог тэдний хамгийн тухтай мап байсан юм.

Гэсэн ч The MongolZ багийн хувьд Overpass мапийг өөрсдийн болгож тоглолтыг өөрсдийн талд оруулж эхлүүлж чадсан юм. Гэвч тэдний дараагийн мап болох Mirage дээр Virtus.Pro баг хариугаа авч ялалтыг байгуулснаар хоёр багийн оноо 1-1 болж тэнцсэн юм. Тэдний 3 дахь мап болох Ancient дээр The MongolZ баг эхний хагаст тэргүүллийг бүрэн гартаа авч 10-2 тооны харьцаатайгаар байраа сольсон юм.

Хэдий 3 дахь мапийн 2-р хагасын эхний раундыг The MongolZ баг авч тооны харьцааг 11-2 болгосон ч үүний дараагаар Virtus Pro баг тоглолтыг бүрэн эргүүлж, The MongolZ багийн хувьд нэг ч раунд авч чадалгүй явсаар Virtus Pro баг 11 раунд дараалан авснаар тоглолтод хожсон юм.

The MongolZ багийн хувьд ESL Pro League S19 тэмцээн ийнхүү өндөрлөсөн боловч энэ нь тэдний хувьд чамлахааргүй маш том амжилт бөгөөд тэд ESL World Ranking дээрээс 130 оноо авч топ 15 багийн тоонд багтах нь тодорхой болсон юм.

The MongolZ багийнхан нутагтаа ирсний дараагаар Азийн бүсийн ESL Challenger League S47 тэмцээндээ үргэлжлүүлэн оролцох бөгөөд тэд дараагийн улирал болох EPL S20-ийн эрхийн төлөө өрсөлдөх юм.