IEM Katowice 2024 тэмцээнд юу юу болж өнгөрөв?

Counter-Strike-ийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох IEM Katowice 2024 өнгөрсөн 7 хоногт болж дууслаа. Тэгвэл уг тэмцээнтэй холбоотой сонин хачин, шинэ содон статс зэргийг тоймлон нэгтгэж та бүхэнд хүргэхээр шийдлээ.

Яагаад IEM Katowice хамгийн том тэмцээнүүдийн нэг вэ?

IEM буюу Intel Extreme Masters нь 2006 оноос хойш Intel компаниас санхүүжүүлж зохион байгуулж буй хамгийн том и-спортын тэмцээний брэнд юм. Тэртээ 2007 онд байсан IEM World Championship нь хуучны CS 1.6 төрөл дээр явагддаг байсан бол 2013 оноос эхлэн CS:GO төрөл рүү шилжсэн билээ. ESL-ийн зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь тэдний жил бүр зохион байгуулдаг ESL Pro Tour тэмцээнүүдийн хамгийн том 2 тэмцээний нэг нь бөгөөд нөгөө нэг нь зун зохион байгуулдаг IEM Cologne юм. Шагналын сан нь 1 сая америк доллар байдаг уг тэмцээний Valve-с зохион байгуулдаг мажор тэмцээний дараа ордог хамгийн том тэмцээний нэг яах аргагүй мөн юм.

Энэ жилийн онцлог, хүлээлт юу байв?

CS:GO тоглоом шинэчлэгдэж CS2 болсноос хойших анхны IEM Katowice тэмцээн болоод ч тэр үү, BLAST Paris Major болсноос хойш 10 сарын дараа багуудын чансааг ахин шинээр тогтоох хамгийн чухал тэмцээн бол энэ удаагийн IEM Katowice болоод байсан юм. Оны өмнөх сүүлийн тэмцээнүүдийг харвал энэ удаад FaZe Clan, Vitality, MOUZ, Virtus Pro багуудын аль нэг нь эсвэл өмнөх IEM Katowice 2023-ийн аварга болсон G2 Esports баг түрүүлэх болов уу гэсэн таамаглал нэлээн өндөр байлаа.

CS2 дээрх анхны мажор PGL Copenhagen 2024 болохоос сарын өмнө багууд ямархуу форм бэлтгэлтэй байгааг харахаас гадна оны өмнөхөн Virtus.Pro багийн хуучин тоглогч болох TaZ шинээр G2 Esports багийн дасгалжуулагч болж орсон нь нэлээн анхаарлыг татсан явдал байсан юм.

Манай улсын The MongolZ багийн хувьд ч гэсэн өмнөх оны IEM Katowice 2023, IEM Cologne 2023 дээр Play-In шатнаасаа үндсэн тэмцээн рүү шалгарч байсан болохоор энэ удаа ч мөн адил үндсэн тэмцээндээ оролцон, цаашлаад бүр хэсгийн шатнаас шигшээ шат руу шалгарч тайзан дээр тоглоосой гэсэн хүсэл ч байлаа. Гэхдээ энэ мэдээж тийм ч амар зүйл биш.

Тэмцээний Play-In шат

Тэмцээний эхний өдөр болсон тоглолтуудаас 3 тоглолт онцлохоор болсон нь эхнийх нь Польш улсын Rebels Gaming баг Cloud9 багийг хожсон бол, удаах нь Team Spirit баг Apeks багийг 13-0 тооны харьцаатай хожиж, сүүлийнх нь The MongolZ баг FURIA багийг хожиж Brazilian Slayers гэдгээ батласан явдал байлаа. Team Spirit багийн хувьд оны өмнө donk гэх нэлээн шуугиантай тоглогчийг багтаа авсан ч гэлээ хэр амжилттай оролцох эсэх дээр багууд төдийлөн сайшаахгүй байсан юм.

Тэмцээний 2 дахь өдрийн тоглолтод The MongolZ баг Team Spirit-тэй таарч donk-ийн тоглолтын учрыг хараахан олж чадалгүйгээр эхний мап-аа алдсан бол 2 дахь мап Ancient дээр эхэндээ хожигдож байсан ч тоглолтын дунд хэсгээс учраа олон Overtime гаргаж чадсан боловч эцсийн мөчид ялагдал хүлээлээ. Ингэснээр The MongolZ баг нэг хожил нэг хожигдолтой болж 3 дахь өдрийн тоглолт бүхнийг шийдэхээр боллоо. Харин бусад багуудын хувьд GamerLegion баг Virtus.Pro багийг хожсон нь бараг л upset тоглолт байлаа.

Play-In шатны сүүлийн өдрийн тоглолтод The MongolZ баг ENCE багтай учраа таарсан бөгөөд тэд оны өмнө 3 тоглогчоо сольж 9INE багийн бүрэлдэхүүн үндсэн core болоод байсан юм. The MongolZ багийн хувьд эхний Mirage мап дээр нэлээн тэргүүллийг авсан байсан боловч 11-5 дээрээс айлдаа бариулан улмаар overtime гарч хожигдсон юм. Удаах мап Nuke дээр хэдий айлаа хожиж 1-1 болсон боловч сүүлийн Anubis дээр учраа олж амжаагүй 5-13 тооны харьцаатай хожигдсоноор тэмцээнийг өндөрлүүлсэн юм. The MongolZ багийн хувьд намар багтаа элсүүлсэн Senzu бүх тоглолтод top fragger байж өөрийгөө таниулж чадсан бол тэмцээний үеэр ханиадтай байсан mzinho-ийн хувьд нэлээн сул үзүүлэлтийг үзүүлсэн юм.

Хэсгийн шатны тоглолтууд

Тэмцээний эхний хоёр өдрийн дараагаар анхаарлын төвд бүрэн орсон Team Spirit багийн donk олны анхааралд өртөөд байв. Тэдний хэсгийн шатны эхний учраа нь NaVi баг байсан бөгөөд тэд 2-1 тооны харьцаатайгаар хожиж чадсанаар өөрсдийгөө чангахан өрсөлдөгч нотлон харуулж чадсан юм. Эхний өдрийн бас нэгэн онцлох тоглолт нь Vitality багийг ENCE баг 2-1 тооны харьцаатай хожиж доод хүснэгт рүү унагасан явдал байлаа.

Өмнөх өдрийн тоглолтын дараагаар үзэгч фэнүүд Team Spirit багийг шигшээ шат руу гарах дээр бат итгэлтэй болоод байсан бөгөөд тэд ч Complexity багийг 2-0, FaZe Clan багийг 2-0-оор тус тус хожиж шөвгийн дөрөв рүү шууд гарсан юм. Харин ENCE багийн хувьд G2 Esports багийг буулгаж авах дээр, мөн Vitality багийг Heroic багт хожигдон тэмцээнийг шууд өндөрлүүлнэ гэдэг дээр хүмүүс бэлэн бус байсан юм. Энэ үеэр мөн Team Falcons баг хэсгийн шатны сүүлийн эрхийн төлөө NaVi багийг буулган авч өөрсдийгөө чанга баг гэдгээ батлан харуулсан юм.

Шигшээ шат болон гранд финал

Энэ жилийн финалд бараг таарах болов уу гэж байсан хоёр том баг болох FaZe Clan, G2 Esports багууд шигшээ шатны шууд эхний тоглолтод таарсан нь харамсалтай байсан ч G2 Esports багийн хувьд бэлтгэл хангалтгүй гэдгээ дэндүү цөөн раунд авснаар харуулсан юм. Харин нөгөө талд Team Falcons баг ENCE багийг хожиж шөвгийн дөрөв лүү дэвшлээ.

Энэ үеэр үзэгчдийн хувьд бараг 90% нь Team Spirit багийг түрүүлнэ гэдэг дээр баттай болж байсан бол үлдсэн хэсэг нь “энэ бол үзэгчтэй тоглолт, тайзны тоглолт, тэд бэлэн биш” гэцгээж байсан юм. Мэдээж FaZe Clan баг MOUZ багийг өлхөн буулгаж авсан бол нөгөө талд Team Falcons баг Team Spirit багт юу ч болсонгүй.

Team Spirit баг тайзны тоглолтод ч өндөр үзүүлэлтээ үзүүлж чадна гэдгээ дахин баталж гранд финалд шалгарлаа. Энэ үед цөөн үзэгчид “энэ бол гранд финал, тэр тусмаа FaZe Clan-ий эсрэг, тиймээс боломж байхгүй” гэж байсан бол гранд финалын Best of 5 тоглолтод 3 мап дараалан хожиж Team Spirit энэ оны эхний том тэмцээнд аварга болж өөрсдийгөө батлан харууллаа. Мөн тэмцээний MVP-гээр 17 настай donk шалгарсан бөгөөд тэрээр Katowice-ийн бусад тэмцээнтэй харьцуулахад HLTV Rating 1.6 буюу хамгийн өндөр рекордыг тогтоогоод байгаа юм.

Тэмцээний дараа бүгд нэг л зүйлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь donk бол үнэхээр гоц авьяастай тоглогчдын нэг гэдэг байлаа. Гэхдээ мэдээж Team Spirit багийн ялалт ганц түүний биш тэдний багийн бусад тоглогчдын ч бэлтгэл хүчин чармайлт байсан юм. Ялангуяа нэр нь хангалттай дурдагдаж чадаагүй ч маш том үүрэг гүйцэтгэсэн тоглогч sh1ro байсан юм. Ямартай ч энэ удаагийн Katowice 2024 тааварлашгүй баг түрүүлж, шинэ рекордийг тогтоосон тоглогч гарч ирлээ. Харин Team Spirit багийн хувьд уг амжилтаа үргэлжлүүлэн хадгалж чадах уу эсвэл бусад багууд тэдний учрыг олж сурах уу гэдгийг тун удахгүй эхлэх PGL Copenhagen Major тэмцээний RMR дээр л харах үлдлээ.