MESA Nomadic Masters тэмцээний эргэн тойронд

Өнгөрсөн сард MESA-с 100,000 долларын шагналын сан бүхий Nomadic Masters 2024 Spring тэмцээнээ зарласан билээ. Уг тэмцээнд Европоос 4 баг, Азиас 4 баг буюу нийт 8 баг өрсөлдөх юм. Тэгвэл энэхүү тэмцээний багууд өнгөрсөн 7 хоногт хүрэлцэн ирж тэмцээн эхний тоглолтууд болж өнгөрлөө.

Тэмцээний эхний 3 өдрийн тоглолт нь MESA LAN студид үзэгчгүйгээр зохион байгуулагдсан бөгөөд эхний өдөр 2, удаах хоёр өдөр нь тус тус 3 тоглолтууд болж нийтдээ 8 тоглолт болж өнгөрөөд байна. Тэгвэл уг тоглолтуудын талаар дэлгэрэнгүй хүргэе.

Эхний тоглолт Lynn Vision vs. Aurora багуудын тоглолт байсан бөгөөд Lynn Vision багийн хувьд Jee гарч, оронд нь flying орсноос хойших анхны LAN тоглолт нь байсан болохоор багийн арга барилын хувьд хангалттай жигдрээгүй, тоглолт нь нэлээн сул байсан юм. Aurora багийн хувьд угаасаа тэмцээний фаворит баг байсандаа ч тэр үү Lynn Vision багийг төвөггүйхэн 2-0 харьцаатайгаар буулган авсан юм.

Харин удаах тоглолт нь The MongolZ vs. Gaimin Gladiators багуудын тоглолт байсан бөгөөд Gaimin Gladiators багийн бүрэлдэхүүн нь хуучин ECSTATIC нэрэн доор байхдаа The MongolZ багийг PGL Copenhagen Major 2024 дээр хожиж байсан юм. Харин энэ удаа The MongolZ баг хариугаа авч тэднийг шүүрдэж үзүүлсэн юм.

Ингээд эхний өдрийн 2 тоглолт өндөрлөсөн бол тэмцээний 2 дахь өдрийн тоглолтууд BLEED Esports vs. Chinggis Warriors багуудын тоглолтоор эхлэсэн юм. Chinggis Warriors багийнхан эхний мап Anubis дээр нэг л учраа олохгүй байсаар 13-5 тооны харьцаатайгаар хожигдсон бол удаах мап Mirage дээр нэлээн ширүүхэн өрсөлдөж 2 ч overtime гаргасан боловч эцэст нь Chinggis Warriors баг 19-16-р хожигдсож доод хүснэгт рүү унасан юм.

Дээд хүснэгтийн 1-р үеийн сүүлийн тоглолт болох OG vs. ATOX Esports тоглолтын хувьд ATOX Esports баг эхний мап Anubis-г айлдаа алдсан боловч дараагийн хоёр мап болох Inferno, Ancient дээр ялснаар дээд хүснэгтийн 2-р үе рүү дэвшиж чадсан юм.

2 дахь өдрийн сүүлийн тоглолт болох The MongolZ vs. Aurora тоглолтод The MongolZ баг Tier 1 түвшний баг болсон гэдгээ дахин харуулж Inferno, Nuke мапууд дээр буулган авч 2-0-р хөнгөхөн хожсон юм. Ингэснээр тэд дээд хүснэгтийн финалд шалгарч дараагийн тоглолтоо Steppe Arena-д үзэгчидтэйгээр хийх болж байгаа юм.

MESA LAN студийн 3 дахь өдрийн тоглолт дээд хүснэгтийн 2-р үеийн 2 дахь тоглолт болох ATOX Esports vs. BLEED Sports багуудын тоглолтоор эхэлсэн бөгөөд эхний мап дээр ATOX Esports баг ялалт байгуулсан ч гэсэн Anubis, Ancient мапууд дээр хожигдсоноор доод хүснэгт рүү унасан юм.

Түүний дараагаар доод хүснэгтийн хасагдах шатны тоглолтууд болсон бөгөөд эхлээд Lynn Vision vs. Gaimin Gladiators багууд тоглож Gaimin Gladiators эхний мап Nuke-ийг авсан ч Lynn Vision баг бууж өгөлгүйгээр тэмцэж Inferno, Dust 2 мапууд дээр хожлыг авч тэмцээндээ үлдсэн юм. Хүмүүсийн таамгаар тэмцээний топ 4-т орно гэгдэж байсан Gaimin Gladiators баг ийнхүү тэмцээнийг нэг ч хожилгүйгээр 2 хожигдож орхисон юм.

Сүүлийн тоглолтод Chinggis Warriors vs. OG Esports багийн эсрэг тоглосон бөгөөд уг тэмцээнд оролцож байгаа хамгийн сул гэгдээд буй CW баг ядаж 1 мап авч чадах болов уу гэж хүмүүс таамаглаж байв. Эхний мап Dust 2-ийн хувьд OG багийн сонголт байсан бөгөөд CW багийн хувьд бэлтгэл тааруу байсан болохоор 13-5 тооны харьцаатайгаар хожигдов.

Харин удаах мап Ancient дээр CW баг өөрсдийгөө тийм ч сул баг биш гэдгээ батлан харуулж 13-5 тооны харьцаатайгаар хожиж 1-1 болгож чадсан юм. Ингээд тэдний 3 дахь Anubis дээр тоглолт эхлэхэд CW багаас гар бууны үеийг авч эхлээд тэрнээс хойш нэг ч үе алдалгүйгээр эхний хагасыг дуусгасан юм. Багийн тоглогч Zilkenberg-ийн хувьд бүр нэг ч үхэлгүйгээр 12 үе амьдарч чадсан юм. Гэвч байраа солиод гар бууны үеэ алдаж OG багт нийт 4 раунд алдсан ч эцэст нь CW нэг раунд авч 13-4 тооны харьцаатайгаар хожиж тэмцээндээ үлдэж чадлаа.

Ингээд тэмцээнийг орхисон эхний 2 баг нь Европийн багууд болох OG Esports, Gaimin Gladiators багууд болж үлдсэн 6 баг нь 6-р сарын 1, 2нд Steppe Arena -д болох үзэгчидтэй тоглолт хийхээр болж байна.