Counter-Strike тоглоомын мэргэжлийн баг тоглогч, болон фанат үзэгчдийн хувьд хамгийн том тэмцээн болох CS Major тэмцээн эхлэхэд ердөө нэг хоногийн л хугацаа үлдээд байна. Энэ удаагийн мажорын хамгийн онцлог зүйл нь CS2 тоглоом дээрх анхны мажор гэдгээрээ үзэгч фэнүүд хүлээлт өндөртэй байгаа бол мөн сүүлийн мажороос хойш бүтэн 1 жил орчим хугацаа хүлээсэн нь хүлээлтийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Энэ удаагийн мажор нь Дани улсын Копенхаген хотноо болж байгаа бөгөөд энэ нь Дани улсад болж буй анхны мажорын тэмцээн юм. Гэвч Дани улсын шигшээ болох Astralis баг мажорын эрхээ авч чадалгүй RMR тэмцээнээс хасагдсан бол оронд нь нутгийн баг ECSTATIC эрхээ авч оролцож байгаа юм.
Valve-ийн зүгээс өөрсдийн дүрмийн номондоо өөрчлөлт оруулж энэ жилээс эхлэн мажорын 3 үе шатыг Challenger’s Stage, Legends’ Stage, Champion’s Stage байсныг Opening Stage, Elimination Stage, Playoffs болгосон бөгөөд энэ нь шинэ үзэгчдэд ойлгоход дөхөм болгох зорилготой юм. Мөн тэд мажорт шалгарсан багуудыг RMR тэмцээнд үзүүлсэн амжилтаар нь бус харин өөрсдийн Valve Regional Standings чансааны жагсаалтаар эрэмбэлж тэмцээндээ оруулдаг болсон нь Elimination stage-ийн багуудыг чанаржуулж чадсан юм.
Бас нэг өөрчлөлт нь Swiss форматын эхний үеийн багуудын учраа нь 1vs16, 2vs15… 8vs9 байсныг 1vs9, 2vs10… 8vs16 болгосон юм. Ингэснээр сийд өндөртэй багуудын учраа дэндүү хөнгөн байдаг байсан ч засагдаж бүх багууд хоорондоо ойролцоо түвшний ялгаатай багуудтай тоглох боломжтой болсон юм. Энэ дүрмээр #10-т сийдлэгдэж байгаа манай улсын The MongolZ багийн хувьд #2-т сийд хийгдсэн Турк улсын Eternal Fire багтай эхний шатанд учраа таарч тоглохоор болоод байна.
Тэмцээний дүрэм форматын хувьд дээрх өөрчлөлтүүд байгаа бол CS2 тоглоом доторх шинэчлэлт дээр Viewer Pass доторх Pick’em challenge шинэчлэгдсэн байна. Өмнө нь 3-0 хожил авах 1 баг, 0-3 болох 1 баг, дараагийн шатанд шалгарах 7 баг гээд нийт 9 баг сонгодог байсан бол харин одоо 3-0 болж дэвших 2 баг, 0-3 болж хасагдах 2 баг, 3-1 эсвэл 3-2 болох 6 баг гээд нийт 10 баг сонгодог болсон байна. Гэхдээ нэг сул тал нь таны сонгосон 3-1 эсвэл 3-2 баг хэрэв шууд 3-0 болж дэвшвэл энэ нь буруу таасанд тооцогдох юм.
Харин фэнүүдийн хүсэн хүлээсэн багийн тоглогчдын гарын үсэгтэй sticker-үүд энэ удаад Viewer Pass-тай хамт худалдаанд гарсангүй. Энэ нь зарим нэг тоглогчдын гарын үсэг нь Valve-н дүрмэнд нийцэхгүй байгаатай холбоотойгоор олон дахин удаа буцаагдсанаас болж хугацаа нь тулж үүдсэн байж болох юм. Гэхдээ хэдий стикер капсулууд худалдаанд гараагүй байгаа ч тоглоом дотор зарим файлууд нь ороод ирсэн болохоор тэндээс The MongolZ багийнхны гарын үсгийг харж болохоор байна.
Ингээд энэ удаагийн нийтлэл энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн удаагийн нийтлэл дээр багуудын учрааг илүү дэлгэрэнгүй задалж таамаглалаа үр дүнтэй нь харьцуулж хүргэж болно.