
Мажорын дараах сонин хачин?
ESL Challenger Jonkoping 2024
PGL Copenhagen 2024 мажорт The MongolZ баг маань чамлахааргүй амжилт үзүүлж Азийн бүсдээ 3 дахь слотыг авч ирсэн билээ. Тэд нутагтаа 3/26-нд ирсэн бөгөөд тэдний дараагийн тэмцээн нь ESL-с зохион байгуулдаг ESL Challenger: Jonkoping 2024 тэмцээний Азийн бүсийн хаалттай шалгаруулалт байлаа.
Тоглолтууд 4 сарын 2-оос 4-р сарын 3-ны өдрүүдэд болсон бөгөөд уг хаалттай шалгаруулалтад The MongolZ, Lynn Vision багууд ESL World Ranking-г чансаагаар тэргүүлдэг гэдгээрээ шууд уригдсан бол нээлттэй шалгаруулалтаас LYG Gaming, ATOX Esports багууд шалгарч нийт 4 багтайгаар тоглолтууд болж өнгөрсөн юм.
Тоглолт double-elimination bracket байдлаар Best of 3 тоглосон бөгөөд нээлтийн тоглолтод The MongolZ баг 1-2 тооны харьцаатайгаар Оросын LYG Gaming багт хожигдсон нь томоохон шуугиан болсон бөгөөд The MongolZ өөрийн фэйсбүүк хуудастаа пост оруулахдаа “The MongolZ vs. Cheaters” гэж гарчигласан нь өрсөлдөгчдийгөө cheat хэрэглэж байна хэмээн мэдэгдсэн явдал байлаа.
The MongolZ багийнхны хэлж байгаагаар айл нь radar hack, aim assist байх гэж таамаглаж байгаа ч үүнийг нотлох ямар ч арга байхгүй болохоор тэмцээн зохион байгуулагчдын зүгээс ч арга хэмжээ аваагүй юм. Гэхдээ The MongolZ багийнхан хожигдсоноор тэмцээнийг орхиогүй доод хүснэгт рүү унасан бөгөөд тэндээсээ хожиж явсаар ESL Challenger: Jonkoping тэмцээний эрхээ авч чадсан юм.
ESN National Championship
Үүний дараагаар дотоодын тэмцээн болох ESN National Championship 2024 тэмцээн эхэлсэн бөгөөд уг тэмцээнд урилгаар 4 баг, нээлттэй шалгаруулалтаас 4 баг, нийт 8 баг double-elimination форматаар Best of 3 тоглох тэмцээн юм.
Тэд энэхүү тэмцээнээ 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнх нь шагналын 30 сая төгрөг болж өсөөд байгаагаас 1-р байр 15 сая, 2-р байр 10 сая, 3-р байр 5 саяыг тус тус авах юм. Тэмцээний эхний үеүүдийн тоглолтууд ESN-ийн өөрсдийн LAN студид болсон болсон доод хүснэгтийн финалын тоглолт болон гранд финалын тоглолтууд нь UG Arena хүрээлэнд үзэгчидтэйгээр ирэх ням гараг буюу 4-р сарын 14нд зохион байгуулагдах юм.
Мөн тус тэмцээний тоглолтын дундуур мэргэжлийн тоглогчид болон тайлбарлагчдаас бүрдсэн холимог бүрэлдэхүүн бүхий Showmatch тоглолт тоглогдох бөгөөд уг тоглолтод оролцох хоёр багийг KEi болон bLitz нар удирдан оролцох юм.
IEM Chengdu 2024
Дотоодод дээрх 2 тэмцээн болж өнгөрсөн бол харин олон улсад IEM Chengdu 2024 тэмцээн болж байгаа бөгөөд энэ нь IEM Beijing 2019 -с хойш 5 жилийн дараа Хятад улсад LAN-гаар хийгдэж байгаа Intel Extreme Masters тэмцээн юм. Ази үзэгчдйин хувьд тоглолтын цагийн хуваарь нь маш таатай уг тэмцээн 4/8~4/14ны хооронд үргэлжлэх юм.
Харамсалтай нь уг тэмцээнд оролцох Азийн бүсийн хаалттай шалгаруулалтад The MongolZ баг Хятад улсын TYLOO багт хожигдсоноор тэмцээний эрхээ алдсан оролцох боломжгүй болсон юм. Мөн тэмцээн эхлэхээс 2 хоногийн өмнө Украйн тоглогчидтой Monte баг оролцох боломжгүй болсон гэдгээ зарласан бөгөөд хугацаа тулсан тул гадны багийг дуудахгүйгээр Хятадын бүсийн шалгаруулалтад 3-т орсон Steel Helmet баг оролцох болсон юм.
Нийт 16 баг өрсөлдөх уг тэмцээнд Хятад улсын 3 баг оролцсон боловч тэд хэсгийн шатнаасаа бүгд мултарч, Ази Европ багуудын ялгаа одоо ч өндөр байгааг дахин нэг харуулсан юм.
Уг тэмцээнд саяын өнгөрсөн мажорт оролцож чадаагүй Astralis, Team Liquid багууд оролцож байгаа бөгөөд тэд бэлтгэл сайн байгаа гэдгээ харуулж шигшээ шат руу шалгараад байгаа бол тэдэнтэй өрсөлдөхөөр мажорын шигшээ багууд болох FaZe, G2, MOUZ багууд тунаж үлдээд байгаа юм.
Тэмцээний финалын тоглолт энэ амралтын өдрүүдэд Wuliangye Chengdu Performing Arts Centre хүрээлэнд болох бөгөөд түрүүлсэн баг нь 100,000 доллар авахаас гадна ирэх 8 сард Герман улсын Кёльн хотноо болох IEM Cologne 2024 тэмцээнд оролцох эрхийг авах юм.
