Perfect World-ийн захирлын ярилцлага

CS тоглоомын мажор тэмцээн зохиогддог болсноос хойш нийт 20 мажорын нүүр үзээд байгаа ч нэг ч удаа Ази тивд зохиогдож байгаагүй билээ. Тэгвэл 21 дэх удаагийн мажор Ази тивд, тодруулбал Шанхай хотноо зохиогдохоор зарлагдаад байгаа юм.

Азийн бүсэд, тэр дундаа Хятад улсад хийх гэж байгаа нь энэ бүсийн CS сонирхогчдын тоог ихээр нэмэгдүүлэх болов уу гэж зохион байгуулагчид болон Valve компаниас таамаглаж байгаа юм. Уг мажорын Хятад улсын Perfect World компаниас зохион байгуулах бөгөөд тэрхүү компаний захирал Archer Wang -ийн HLTV сайтад өгсөн ярилцлагыг орчуулан та бүхэнд хүргэж байна.

“Бид үргэлж Хятад улсад мажор тэмцээнийг авчирч зохион байгуулахыг хүсдэг байсан. Нэлээн олон жил болж байна. Дундуур нь бас ковид өвчин гараад боломжгүй болоод байсан юм” гэж тэрээр яриагаа эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн “Азийн бүсийн зах зээлд энэ нь маш чухал. Бидний зорилго бол Ази хүмүүсийг маш ихээр CS-д, тэр дундаа Хятад хүмүүсийг CS-д илүү дуртай болгомоор байна”

Саяхан болсон IEM Chengdu 2024 болон өнгөрсөн оны CS Asia Championship 2023 тэмцээнүүдийг эс тооцвол Азийн бүсэд болсон хамгийн том тэмцээн нь CSGO Asia Championship 2019 тэмцээн байлаа. Тэгэхээр бүтэн 4 жилийн турш энэ бүсэд томоохон тэмцээн болоогүй гэсэн үг. Үүнээс ч болсон уу IEM Chengdu 2024 тэмцээн заал дүүрэн үзэгчидтэйгээр маш өргөн цар хүрээд болж өнгөрсөн юм.

Энэ тухай ESL ийн VP болох Michal Blicharz өөрийн твиттэртээ “Ирээдүйд Хятадад болох CS2 мажорууд ч үнэхээр галзуу байх нь ээ” хэмээн жиргэсэн юм. “Энэ бүхэн биднийг ч гэсэн гайхшралд оруулсан” хэмээн Archer Wang хэлэв.

“CAC тэмцээнд бид тэр олон хөгжөөн дэмжигчид хүсэл тэмүүллээр дүүрэн тэнд ирнэ гэдгийг бид төсөөлөөгүй. Гэхдээ энэ нь цаашдын тэмцээнүүдийг төлөвлөхөд бидэнд илүү их итгэл, сорилтыг өгч, хөгжөөн дэмжигчид болон тоглогчдод илүү сайн туршлага өгөх болно гэж найдаж байна.” хэмээн үргэлжлүүлэв.

“Бид 2019 онд Хятад улсын Dota 2 тоглоомын хамгийн том тэмцээн болох The International 2019 тэмцээнийг зохион байгуулсны дараагаар үзэгч болон тоглогчид бүр маш ихээр нэмэгдсэн. Тийм үр дүн CS2-ийн мажорын дараагаар гарна гэж бодож байна.”

“Мөн бид тэмцээний эхний 2 шатыг үзэгчидтэйгээр зохион байгуулах тухай тооцоолж байгаа. Гэхдээ энэ нь мэдээж хэцүү зүйл л дээ. Ямартай ч бид үүндээ зориулан хэд хэдэн томоохон заалуудыг урьдчилж түрээслээд байгаа. Энэ бидний хувьд их том сорилт байх болно” гэж хэллээ. Өнгөрсөн 2022 оны Бразилын Риод болсон мажорын үеэр тэмцээний эхний 2 шатыг мөн үзэгчидтэйгээр зохион байгуулсан бөгөөд энэ нь тухайн үедээ томоохон амжилт болсон юм.

Саяхан болсон PGL Copenhagen 2024 мажор дээр Монгол улсын The MongolZ баг шилдэг 16 багт орсон бөгөөд ингэснээр Азийн бүсээс ирэх мажорт 3 баг оролцох боломжтой болсон билээ. Энэ нь Азид зохиогдох гэж байгаа мажорын яг өмнө нь болсон үнэхээр аз завшаантай зүйл болоод байгаа юм. Энэ тухайд тэрээр “Энэ бол үнэхээр гайхалтай явдал. Бид үнэхээр их баяртай байгаа. Энэ бүхэн төгс зохицож байна” гэв.

Үргэлжлүүлэн “Lynn Vision багийнхан мажорт шалгараад баярлаад уйлсан. Бид ч ялгаагүй их баярласан. Хятад баг мажорт явалгүй 4 жил болсон шүү дээ. Яахав тэдний амжилт тийм өндөр байгаагүйд үзэгч фэнүүд жоохон дурамжхан байгаа ч тэд бидэнд Ази тоглогчид мажорт орж чадна гэдгийг харуулж чадсан нь том зүйл шүү дээ” гэв.

Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд “Энэ жилдээ бид мажорыг зохион байгуулна. Дараа жилийн тухайд бол хэлж мэдэхгүй нь. Мэдээж жил бүр Азид мажор болоод байх боломжгүй шүү дээ. Гэхдээ бид CAC тэмцээнээ үргэлжлүүлнэ. Болж өгвөл жил бүр зохиох хүсэлтэй байгаа. Магадгүй одоо байгаа шиг 8 биш 16 багтайгаар зохион байгуулах болно, яг л мажор шиг. Хятадын зах зээл, үзэгчид томоохон багуудыг үзэхийг хүсэж байна. Тэр хүслийг нь манай Perfect World биелүүлэх болно” хэмээн яриагаа төгсгөв.