PGL Major 2024 Asian RMR-ийн сонин хачин

Энэ удаагийн Азийн бүсийн RMR нь өнгөрсөн жилийн RMR-с өөрчлөгдсөн нэг зүйл нь Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийн бүсийг салгаж 2 өөр бүс болгож шалгаруулалт зохиосон явдал байлаа. Өнгөрсөн жил Хятад, Дундад Ази, Далайн бүс, Азийн бусад гэсэн 4 байсан бол одоо Хятад, Дундад Ази, Далайн бүс, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази болсон юм.

 

Тэмцээний форматын хувьд өмнөхтэй адил 8 баг double-elimination форматаар тоглох бөгөөд 8 слотыг яаж 5 бүсэд хуваах нь сонирхолтой байсан юм. Тэгвэл үүнийг PGL яаж шийдсэн бэ гэхээр 5 бүсдээ тус тусад нь 1 слот өгөөд, үлдсэн 3 слотыг нь Valve Regional Standings дээр эхний байр эзэлж байгаа 3 бүсэд тус тус 1 слот нэмж өгсөн юм.

Оны өмнө шинэчилсэн буюу 12/18ны чансаагаар жагсаалтыг The MongolZ баг тэргүүлж байсан бөгөөд ингэснээр Зүүн Азийн бүс 1 слот, 2Lynn Vision баг байгаа учир Хятадын бүс 1 слот, 4TRAFFIC Tashkent баг байгаа учир Дундад Азийн бүс 1 слот тус тус нэмж авсан юм. Ингэснээр Далайн орны бүсээс 1 л баг оролцох болсон нь Австрали, Шинэ Зеландын баг тамирчдад бухимдал төрүүлэх шалтгаан болсон юм.

 

Ингээд тус тусын бүсийн хаалттай шалгаруулалтууд болж оролцох багууд зарлагдаад байсан ч Зүүн Өмнөд Азийн бүсээс эрхээ авсан Troublemakers болон Дундад Азийн бүсээс эрхээ авсан 15 Average Gaming багууд тэмцээнд оролцох боломжгүй болж оронд нь Myth Avenue Gaming, Twisted Minds багууд орлож дараах 8 баг RMR-т оролцохоор болсон юм.

Энэ удаагийн тэмцээний фаворит 2 багаар The MongolZ, Grayhound Gaming багууд нэрлэгдсэн бөгөөд TYLOO, Lynn Vision багууд ч мөн томоохон өрсөлдөгчид байж чадна гэж хүлээн зөвшөөрч байв. Харин ATOX, JijieHao багуудын хувьд нэг хожил л авах байх гэцгээж байв.

Тэмцээний эхний өдрийн тоглолтод The MongolZ баг маш хөнгөхөн 2 хожлыг Ancient мап дээр MAG, Grayhound багуудын эсрэг дараалан авч шууд эхний эрхийн төлөө тоглохоор финалд үлдсэн бол нөгөө талд Lynn Vision баг Twisted Minds, Tyloo багуудыг хожин эрхийн төлөө шалгарсан юм.

2 дахь өдрийн тоглолтод доод хүснэгтийн багууд тоглосон бөгөөд энэ өдрийн тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь ATOX Esports vs. TYLOO багууд учраа тааран тоглосон явдал бөгөөд ATOX багийнхан 2-1 тооны харьцаатайгаар хожсон нь маш том явдал байлаа. Ингэснээр тэмцээний фаворит багуудын нэг нь хасагдахаас гадна ATOX багийн хувьд чанга өрсөлдөгч байж чадна гэдгээ харуулсан юм.

Ингээд тэмцээний сүүлийн өдрийн тоглолт болоход The MongolZ баг Lynn Vision багийг 2-0 харьцаатайгаар хожиж мажорын эхний авсан юм. Энэ нь багийн тоглогч bLitz, Techno хоёрын хувьд 4 дэх мажорын тэмцээн бол нөгөө 3 тамирчны хувьд анхны мажор нь болж байгаа юм. Харин Lynn Vision багийн хувьд доод хүснэгт рүү унасан ч тэндээ Grayhound багийг хожиж мажорын 2 дахь эрхийг авч чадсан юм.

Мажорт оролцох 2 эрхийн нэгийг нь Монгол, нөгөөг нь Хятад улсын баг авснаар Австрали улсын баг мажорт оролцох боломжгүй болсон бөгөөд энэ нь 2016 оноос хойш анх удаагаа Австрали баг мажорт шалгараагүй явдал болсон юм. Grayhound багийн хувьд мажорын стикерын мөнгөөр цалин хангамжаа шийддэг баг байсан бөгөөд мажорт оролцох боломжгүй болсноор багийн эзэн нь бүрэлдэхүүнээ RMR-н дараагаар чөлөөллөө.

Lynn Vision багийн хувьд 2017 онд үүссэн бөгөөд энэ удаагийнх нь тэдний анхны RMR тэмцээн байсан бөгөөд тэд анхны мажортоо оролцох эрхээ авч нулимсаа барьсангүй уйлцгааж байв.

Өнгөрсөн мажор тэмцээнүүдэд стикерийн борлуулалт тодорхой хэмжээгээр буураад байсан гэдэг бөгөөд энэ нь магадгүй Хятад баг сүүлийн 3 мажорт явж чадаагүй холбоотой байж болох юм. Харин энэ удаад Хятад баг мажорт оролцох болсон болохоор стикерийн борлуулалт BLAST Paris Major-г давж ч магадгүй хэмээн үзэж байна.

Ямартай ч мажорын эрхээ авсан The MongolZ, Lynn Vision багууддаа дахин баяр хүргэхийн хамт мажорын дараагийн шатанд шалгарч Азийн бүсдээ слот нэмэгдүүлэхийн ерөөлийг дэвшүүлье.