PGL Major 2024 EU RMR A-ийн сонин хачин

Өнгөрсөн 7 хоногт PGL Copenhagen Major 2024 EU RMR эхэлсэн билээ. Европийн бүс нь дэндүү олон багтай болохоор багуудаа 16 16-р хувааж А Б гэж хоёр тусдаа RMR явагдах бөгөөд эхнийх нь өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн юм.

Форматын хувьд 16 баг нь Swiss форматаар тоглож 3 хожил авсан баг нь мажорт шалгарах бол 3 хожигдол авсан баг нь тэмцээнийг орхих юм. Эхний учраа тоглолтууд Best of 1 байх бол мажорт шалгарах болон тэмцээнээс хасагдах эсэхийг шийдэх чухал тоглолтууд нь Best of 3 байх юм.

Тэмцээний эхний шатны тоглолтууд бараг л бүх үзэгч фэнүүдийн таавартай таарсан бөгөөд ганц зөрсөн нь Eternal Fire vs. NIP багуудын тоглолт байлаа. Дийлэнх үзэгчид NIP багийг хожно гэдэгт итгэлтэй байсан бол Eternal Fire багийнхан өөрсдийгөө хүчтэй гэдгээ эхнээсээ л харуулж 13-11 тооны харьцаатайгаар NIP багийг хожиж эхэлсэн юм. 2-р шатанд Eternal Fire баг G2 багтай тоглохдоо бүр overtime гаргаж 16-13 тооны харьцаатайгаар хожигдсон юм. 2-р шатны тоглолтод NIP баг AMKAL багийн эсрэг тоглосон бөгөөд энэ удаад 22-20 тооны харьцаатайгаар хожигдож үзэгчдийн таамгийг ахиад нэг эвдлээ.

Ингээд тэмцээний 3-р үе болоход 2-0 амжилттай FaZe Clan, G2 Esports, NaVi, Virtus.Pro багууд хоорондоо өрсөлдөх бол нөгөө талд 0-2 болоод буй SAW, NIP, Into the Breach, 3DMAX багууд хасагдахад нэг алхам л дутаад байсан юм. Энэ үеэс л SAW багийнхан өөрсдийгөө хурцлан NIP багийг 2:0 тооны харьцаатай буулган авч эхний ялалтаа авсан бол NIP багийнхан тэмцээнийг орхисон хамгийн эхний баг боллоо.

Энэхүү явдал нь NIP багийн үзэгч дэмжигчдийн урмыг маш ихээр хугалсан бөгөөд зарим нэг хүмүүс сүрдүүлсэн өнгө аястай зурвасыг багийн тоглогчид руу бичих болсон байна. Энэ тухай багийн тоглогч k0nfig өөрийнхөө жиргээн дээр бичсэн бөгөөд: амиа хорло, явж үх гэсэн зурвас бүр маш ихээр авсан байна.

Үүний дараагаар 4-р шатанд fnatic багийнхан хожигдсон нь мөн хүмүүсийн таамаглалаас зөрсөн бөгөөд тэднийг баттай мажорын эрхээ авна гэж байсан боловч 1 хожил 3 хожигдол авснаар сүүлийн нэг эрхийн төлөө Last Chance Qualifier-т оролцох болсон байна.

А хэсгийн хувьд таамаглаагүй хасагдсан баг нь NIP, fnatic багууд байсан бол таамаглаагүй шалгарсан багт KOI, SAW, AMKAL зэрэг багууд багтаж байна. Тэр дундаа SAW багийн хувьд 10 гаруй жил мажорт оролцохоор өрсөлдсөн ч амжилт олж чадахгүй байсан MUTiRiS анх удаагаа мажорт оролцох болсон нь том явдал байлаа.

Ингээд А хэсгээс мажорт шалгарсан 8 баг болон сүүлийн эрхийн төлөө тоглох 3 баг доорх байдалтай гарсан байна.