The MongolZ багийн сүүлийн үеийн мэдээ

Энэ удаа та бүхэндээ The MongolZ багийн сүүлийн үед болж өнгөрсөн олон улсын болоод дотоодын тэмцээний үр дүн, мөн зарлагдсан сонин сайхан мэдээнүүдийг товчоор хүргэж байна.

The MongolZ багийн хувьд ESL Pro League S19 тэмцээний тоглолтоо нутагтаа ирсний дараагаар MESA-с зохион байгуулсан MESA Pro Series Finals 2024 тэмцээнд оролцсон юм. Уг тэмцээнд дотоодын шилдэг 6 баг болох The MongolZ, ATOX Esports, Huns Esports, IHC Esports, Chinggis Warriors, Eruption гэх багууд өрсөлдсөн юм.

Уг тэмцээний тэргүүн байранд орсон баг нь MESA Nomadic Masters 2024 Spring тэмцээний эрхийг авахаас гадна мөн IESF-ийн зохион байгуулдаг дэлхийн аваргын тэмцээний Азийн бүсийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг авахаар байсан юм. Уг The MongolZ баг түрүүлсэн бөгөөд тэдний хувьд MESA Nomadic Masters 2024 Spring тэмцээнд оролцох эрхээ аль хэдийн аваад байсан болохоор удаах байранд орсон ATOX Esports баг руу уг эрх нь шилжив.

The MongolZ багийнхны хувьд бас нэгэн мэдээг зарласан нь тэд энэ зуны тэмцээн уралдааныхаа бүрэн хуваарийг танилцуулсан явдал байлаа. Тэд Арабын Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдах Yalla Compass 2024 тэмцээнд шууд уригдсан бөгөөд уг тэмцээн нь 6 сарын 5-наас 6 сарын 9-ний хооронд үргэлжлэх юм. Харамсалтай нь уг хуваарь нь тэдний ESL Challenger League S47 тэмцээний шигшээ шатны тоглолтуудтай давхцаж байгаа болохоор тэд аль нэгийг нь сонгож нөгөө тэмцээнийг нь орхихоос аргагүй болсон юм.

Тэд ESL Challenger League S47 тэмцээнийг орхиснооор ESL Pro League S20-д оролцох боломжоо багасгаж байгаа ч тэдний хувьд өөр 2 аргаар оролцох боломжтой юм. Эхнийх нь бол тэдний 6 сарын 14-с 6 сарын 16-ны хооронд Швед улсын Ёншоппин хотноо болох ESL Challenger Jonkoping 2024 тэмцээнд аварга болж авах юм. Уг тэмцээнд 8 баг оролцож байгаагаас Complexity, MIBR багууд аль хэдийн EPL S20 эрхтэй тул үлдсэн 5 багаас дээгүүр ороход л хангалттай юм.

Харин нөгөө арга нь тэд ESL World Ranking-ээр уригдах. ESL Pro League S20 тэмцээнд 4 багийг чансаагаар нь урих бөгөөд түүнд багтахын тулд The MongolZ баг топ 12 багийн нэг болох шаардлагатай байгаа юм. Харин тэд одоогоор 17-р байранд явж байна. Тэд байраа урагшлуулахын тулд MESA Nomadic Masters 2024 Spring, Yalla Compass 2024, ESL Challenger Jonkoping гэх 3 тэмцээнд дээгүүр байр эзлэх шаардлагатай байгаа юм.

Одоогоор чансаагаар уригдах The MongolZ-с урдуур байгаа багууд нь Team Spirit, Virtus.Pro, Imperial, Eternal Fire, FlyQuest, Team Falcons гэсэн 6 баг байгаа бөгөөд үүнээс 3-ийнх нь урдуур ороход л хангалттай юм. Бүр нэмж ярьвал энэ 6 багаас FlyQuest, Imperial багууд нь бүсийнхээ ESL Challenger League тэмцээнээс бараг урилга авах боломжтой болохоор The MongolZ баг Team Falcons багийн урд ороход ч уригдаж магадгүй юм. Гэхдээ хэн мэдлээ.

Тэдний оролцох бусад тэмцээнүүдийн хувьд Esports World Cup, IEM Cologne 2024 тэмцээнүүдэд оролцох нь аль сар гарны өмнөөс тодорхой болсон байсан бол шинээр нэмэгдсэн тэмцээн нь Skyesports Championship 2024 тэмцээн байлаа. Уг тэмцээн нь Энэтхэгийн органициас зохион байгуулж байгаа тэмцээн бөгөөд 7 сарын 23-с 7 сарын 29ны хооронд Энэтхэг улсын Мумбай хотноо лангаар зохиогдох юм.

Уг тэмцээн нь 200 мянган долларын шагналын сантай бөгөөд нийт 8 баг өрсөлдөх юм. The MongolZ багаас гадна оролцохоор тодорхой болоод байгаа багууд нь BetBoom, Eternal Fire, FURIA Esports, Aurora Gaming багууд байгаа юм.