The MongolZ багийн үүсэл хөгжил, амжилт

 

The MongolZ – 1-р үе

The MongolZ нэртэй багийг анх 2014 онд Dota 2 тоглоомын төрөл дээр байгуулж байсан бөгөөд тухайн үедээ дотоодын Dota2 орчинд хамгийн шилдэг багуудын нэг болоод байсан юм. Удалгүй тэд 2015 онд өөрсдийн CS:GO бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн бөгөөд тэдний томоохон амжилт нь 2016 оны IEM Taipei 2016 тэмцээний аварга болж Азидаа 1т жагссан явдал байсан юм.

Ингэснээрээ тэд MLG Columbus 2016 тэмцээний шалгаруулалтад оролцох эрхийг авсан боловч 3 удаагийн АНУ визний ярилцлагад оролцоод татгалзсан хариу авснаараа тухайн мажорын шалгаруулалтад оролцож чадаагүй юм. Хачирхалтай нь тэднийг орлож тэмцээнд оролцсон Splyce баг нь шалгаруулалтыг амжилттай давж стикер гаргаж чадсан юм. Тэд мөн IEM Katowice 2016 тэмцээнд оролцсон боловч хэсэгтээ 0-6 болж тэмцээнээс хасагдсан юм.

Тухайн үеийн The MongolZ багийн гаргасан амжилт нь Counter-Strike үзэгч сонирхогч тоглогч нарт болоод дараа дараагийн үеийн шинэ залуу хүүхдүүдэд маш томоор нөлөөлсөн бөгөөд PC тоглоом нь зүгээр нэг донтоод тоглоод байдаг зүйл бус цахим спорт болсныг баталсан томоохон алхам байлаа.

2016 оноос хойш The MongolZ баг ахин томоохон амжилт гаргаагүй бөгөөд IEM Oakland 2017-д бүсээсээ шалгарч оролцсон ч хамгийн сүүлийн байранд орсон юм. Багийн гишүүд нь солигдож явсаар баг 2018 онд багийн бүрэлдэхүүн нь Storm Rider баг шилжиж баг тарсан юм. Үүнээс хойш багийн хуучин тоглогчид 2019, 2022 онуудад багийнхаа нэрээр үе үе бүрэлдэхүүн босгож тоглосон боловч дотоодод Checkmate, D13, Renewal зэрэг багуудтай зэрэгцэхгүй байлаа.

The MongolZ багийн 2-р үе

2021 оноос хойш дотоодын CS ертөнцөд нэлээн хүчтэй болоод байсан Checkmate багийнхан 2022 оны эхээр багтаа томоохон өөрчлөлт оруулж bLitz, Techno4k хоёр дээр нэмж kabal, nin9, sk0r гурвыг багтаа авсан бөгөөд Азийн RMR -т оролцох эрхээ авсны дараагаар IHC Esports багт зарагдсан юм. Тэд IHC Esports нэрэн доор тоглож Азийн RMR-с мажорын эрхээ амжилттай авч Монгол баг анх удаагаа мажорт явах эрхтэй болсон билээ.

Гэвч тэд эхний мажороо 1-3 гэсэн үзүүлэлттэйгээр өндөрлүүлж, тун удалгүй багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан юм. Гэхдээ Antwerp 2022 мажороос хойш манай баг гадаадын томоохон тэмцээнд тогтмол оролцох болсон бөгөөд IEM Rio 2022 Major, Katowice 2023 зэрэг тэмцээнд оролцоод байсан юм.

Энэ хооронд багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт тогтмол орж байсан ч 2023 оны BLAST Major Paris 2023 тэмцээний Азийн RMR-ийн өмнө нэгэн мэдэгдэл гаргасан нь багийн бүрэлдэхүүн нь сайн дураар IHC Esports-ийг орхин гарсан бөгөөд The MongolZ нэрийг эзнээс нь зөвшөөрөлтэйгөөр авч цаашид энэ нэрэн доор тоглох болсноо зарласан юм.

Багийн тоглогч bLitz, Techno нарын хувьд Antwerp 2022, Rio 2022, Paris 2023 гээд 3н ч удаа мажорт оролцсон боловч дандаа 1-3 үзүүлэлттэйгээр тэмцээнийг орхиж байсан юм. Харин тэд энэ удаа ахин бүрэлдэхүүндээ шинэчлэлт оруулан mzinho, 910, Senzu гэсэн гурван залуу тоглогчтойгоо 4 дэх мажортоо оролцсон бөгөөд залуу 3 тоглогч нь debut тэмцээндээ урмыг нь хугалсангүй.

Тэд Copenhagen 2024 мажорын эхний өдөр 0-2 хожигдол амссанаар тэмцээнийг нэлээн хүнд эхлүүлээд байсан дараагийн өдрүүдэд амжилттайгаар эргэн ирж 3-2 болж анх удаагаа Монгол баг мажорын топ 16 багийн нэг болсон амжилтыг гаргалаа. Ингээд зогсохгүй тэд Азийн бүсээс мажорт оролцох 1 слотыг нэмж авч чадлаа. Энэ бол яахын аргагүй Монголын Counter-Strike-ийн түүхэн амжилтуудын нэг явдал боллоо.

Гэхдээ тэдний аялал дуусаагүй. Тэд маргааш ч гэсэн тэмцээнээ үргэлжлүүлэн тулалдах юм.